Музейн боловсролын хөтөлбөр
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн боловсролын хөтөлбөрүүдтэй танилцана уу

МУЗЕЙН ОРОЛЦООТ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Байгалийн түүхийн музейн боловсролын хөтөлбөр нь танхимын болон танхимын бус хэлбэрээр ЕБС, СӨБ, ИДС-ийн хичээлийн агуулгад нийцүүлэн музейн үзмэрт түшиглэн Монгол орны зэрлэг ан амьтан, ургамал, эртний амьтдын ховор олдворуудын талаарх шинжлэх ухаанч танин мэдэхүйн мэдлэг олгохоос гадна Монголын соёлын өвийн шинжлэх ухаан, соёлын биет бус өв, соёлын салбар дахь хүүхэд хамгаалал, бүх нийтийн соёлын боловсрол олгох соён гэгээрүүлэхэд чиглэсэн байдгаараа онцлог юм. 

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей нь байгаль, соёл, соёлын биет бус өвийн тухай мэдлэг олгох 11 хөтөлбөртэйгөөс энэ удаа доорх хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

1. “АМЬТДЫН МӨР”

Агуулга: Монгол орны зэрлэг ан амьтдын амьдрах орчин, амьдралын онцлог болон амьтдын байгаль дээр үлдээдэг ул мөрийг таньж мэдэх нь ангийн мөрөөр шинжих соёлын биет бус өвтэй танилцах нэгэн түлхүүр болж өгдөг.

Ангилал: СӨБ-ын ахлах, бэлтгэл бүлэг

Хэлбэр: Танхимын болон танхимын бус 

Хэрэглэгдэхүүн: Тараах материал, 3Д баримлын шавар

2.“БЯЦХАН ПАЛЕОНТОЛОГИЧ”

Агуулга: Палеонтологийн шинжлэх ухаан тэр дундаа палеонтологичийн тухай ойлголт өгч Монгол орны нутаг дэвсгэр дээр 252 сая жилийн өмнө амьдарч байсан аварга биет үлэг гүрвэлүүдийн ангилал, тэдгээрийн олдворт түшиглэсэн сонирхолтой мэдээлэл олгох хөтөлбөр.

Ангилал: СӨБ-ын ахлах, бэлтгэл бүлэг, ЕБС-ийн 1-6 дугаар анги

Хэлбэр: Танхимын болон танхимын бус 

Хэрэглэгдэхүүн: Тараах материал, үлгэрчилсэн загвар

3.“БЯЦХАН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ”

Агуулга: Дэлхийн зэрлэг ан амьтан, ургамал хамгаалах олон улсын өдөрт зориулан хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь Монгол орны ховор, нэн ховор, устах, устаж буй ангилалд орсон амьтдыг хайрлан хамгаалах, мөн түүнчлэн  байгаль эх дэлхийгээ хамгаалахын ач холбогдол, хог хаягдлыг ил задгай хаях хор уршгийн талаар таниулах, байгальд ээлтэй иргэнийг хүмүүжүүлэх зэрэг ач холбогдолтой хөтөлбөр. Тухайн хөтөлбөрийг хүртээмжтэй  байлгаж, оролцоог идэвхжүүлэх зорилгоор жил бүр 4-18 насны хүүхдүүдийн дунд байгаль хамгааллын сэдэвт гар зургийн уралдааныг зохион явуулж байна.

Ангилал: СӨБ-ын ахлах, бэлтгэл бүлэг, ЕБС-ийн 1-12 дугаар анги

Хэлбэр: Танхимын болон танхимын бус 

Хэрэглэгдэхүүн: Тараах материал, үлгэрчилсэн загвар

 

4.“МУЗЕЙД ӨНГӨРҮҮЛСЭН НЭГ ӨДӨР”

Боловсролын хөтөлбөр болон хөтөлбөрт арга хэмжээ

Агуулга: Байгалийн түүхийн музейд ажиллагсдын мэргэжил,  үйл ажиллагааны онцлогийг  олон нийтэд хүргэх, сурталчлах, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад  ирээдүйн мэргэжлээ сонгох, залгамж халаагаа бэлтгэх зорилготой хэрэгжүүлдэг. Мөн хамтын ажиллагаатай байгууллагууд гэр бүлээрээ нэгэн өдрийг музейд хөгжилтэй өнгөрүүлэх сэдэвчилсэн аялалд хамрагддаг ба боловсролын хөтөлбөрийн 2-3 өртөөгөөр зочилж танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэлтэй болж гэр бүлээрээ хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгодог юм.

Ангилал: ЕБС-ийн 11, 12 дугаар анги, бүх насныхан

Хэлбэр: Танхимын бус

Хэрэглэгдэхүүн: Тараах материал, хөтөлбөрийн бэлтгэгдсэн хэрэглэгдэхүүнүүд

5. “ЭСГИЙ ЗУРАГ ЗУРАХ”

Боловсролын оролцоот хөтөлбөр болон хөтөлбөрт арга хэмжээ

Агуулга: Байгалийн түүхийн музейн Соёлын биет бус өвийг таниулах, түгээн дэлгэрүүлэх оролцоот боловсролын хөтөлбөрийн нэг энэхүү хөтөлбөр нь хүүхдийн сэтгэхүйг тэлэх, тэдний оролцоог 100 хувь хангасан, Монголчуудын уламжлалт гар урлалаар дамжуулан Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг зан үйл айтай танилцах, мал аж ахуй эрхлэх нь амьдрал ямар ач холбогдолтой талаар ойлголт авч  гэр бүлээрээ хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгодог юм.

Ангилал: Бүх насныхан

Хэлбэр: Танхимын бус

Хэрэглэгдэхүүн: Урлалын эсгий, хонины цэвэр ноос, шивүүр зүү, хөөсөнцөр хавтан

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Байгалийн түүхийн музей
Боловсрол, маркетингийн хэлтсийн дарга Т.Мөнхтүвшин
Цахим шуудан: tulgatuvshin89@gmail.com
Утас: 7000 0172, 86088699

 

Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1284
7 хоногт
5834
Сүүлийн сард
24022
Сүүлийн жилд
644536
Нийт хандалт
1269383
Санал хүсэлт илгээх